Monday, July 27, 2009

Зэрлэг залуус буюу дэлхийн шумуулны нийслэлд зорчсон тэмдэглэл



Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 2009 оны 7 дугаар сар 25-26-ний өдрүүдэд МУИС Ротаракт клубын 7 гишүүд Монголын Ротари клубуудын санаачлан хэрэгжүүлж буй “Keep Mongolia Green” төслийн хүрээнд Хүрээ Ротари клубын хэрэгжүүлж байгаа Дархан хотын Орхон суманд очиж ажиллалаа. Бидний ахлагчаар Хүрээ Ротари клубын гишүүн Очгэрэл эгч маань хамт явлаа.

Бид бүхэн өглөөний ургах нарнаар уулзацгаасан боловч зарим нэг шалтгааны улмаас хотоос 11 цагийн үед хөдлөцгөөлөө.

Дархан хотоор дайран хооллож, төсөл хэрэгжиж буй газар болох Орхон суманд очих үед үдийн нар ээж байлаа. Бид бүхэн ч ачаа тээшээ тэнд байрлах байрандаа үлдээчихээд, төсөл хэрэгжиж буй талбай руугаа яаран явцгаав. Талбай дээр очих үед зэрлэг нилээн ургасан, бидний хийх ажил ундарч байлаа. Очоод клубын 7 гишүүд маань бүх талбайг буюу 4 га газрыг зэрлэгнээс нь салгана гэхэд бидний хүч хөдөлмөр нилээн дутахыг ойлгож Монголын бүх интеракт, ротарактын гишүүдээ дуудмаар санагдаж байснаа нуух юун.

Бид ч ажилдаа ханцуй шамлан орж, орой 21 цагийн үед байрлаж байгаа байрандаа ирж амарцгаалаа. Талбай дээр +30 градус, битүү шумуулыг үл ажран МУИС Ротаракт клубын гишүүд маань зэрлэгээ зулгааж эхэлцгээв. Эхний өдөр бид чацарганы модны зэрлэгээ зулгаасан боловч хүний гараар зулгааж дийлэхгүйгээ мэдэн ойлгож, маргааш нь трактор хөлслөхөөр шийдэн унтацгаасан юм.

Өглөөний ургах нарнаар бүгдээрээ босон өглөөний цайгаа ууцгаан, ажилдаа гарцгаалаа. Энэ өдөр урьдны өдрөөсөө илүү туршлагажин ажлаа эрчимтэй хийлээ.

Бидний энэ өдөр зэрлэг зулгаахаар төлөвлөсөн талбай маань хүнсний ногоо тарьж буй газар байлаа. Төлөвлөгөөгөө бид давуулан биелүүлж, үдээс хойш 15 цаг гэхэд дуусгаж, аз жаргалтай хүмүүс байраа зорьцгоов. Байрандаа очиж үдийн хоолоо идэцгээн, дурсгалын зураг татуулан хөдөллөө. Бидний ахлагч Очоо эгч маань ажлаа эрт дуусгасан гэж биднийг шагнан Дархан хотын цэцэрлэгт хүрээлэнгээр 20 мин зугаалах эрх болон зайрмаг авч өглөө. Бид ч баярлан, цэцэрлэгт хүрээлэнтэй танилцан зугаалангаа, нүдэндээ харагдсан зэрлэгүүдээ зулгаамаар санагдаж байлаа. Тун удалгүй хүлгийн жолоо Улаанбаатар хотын зүг заллаа. Ингээд бидний төсөлтэй танилцан, зэрлэг зулгаасан аялал маань өндөрлөсөн юмаа.


Дараа, дараагийн явах багийнхан болон клубуудээ хандаж хэлэхэд:

  1. Бөөнөөрөө нэгдэж, хамтдаа очин зэрлэг зулгаах нь хамгийн үр дүнтэй.
  2. Шумуулын болон нарны тос авч явах. Талбай дээр ажиллах үед энэ маш чухал.
  3. Ханцуйтай цамц болон урт өмд авч явах.
  4. Байр очих болгонд бэлэн байх боломжгүй учраас өөрсдийн мешок болон майхангаа авч явахад илүүдэхгүй.
  5. Хар хорхой маш их учраас, хөвөн авч явах.

Хамгийн анхны айлчилсан Ротаракт клубынхэн МУИС Ротаракт клуб байлаа. Дараагийнх нь танай клуб байна гэдэгт итгэлтэй байна.


МУИС Ротаракт клуб

2009 он